хөтөлбөрийн тухай

Монголын кино урлагийг шинэ шатанд гаргахад кино зохиолыг хөгжүүлэх, зураг авалт, кино үйлдвэрлэл, постпродакшн, түгээлт зэрэг кино үйлдвэрлэлийн үе шат бүрд дэмжлэг үзүүлэх, кино үйлдвэрлэлтэй холбоотой сургалтын хөтөлбөрийг бий болгох, дотоодын кино уран бүтээлчдийг олон улсын кино наадамд оролцоход бэлтгэх, дэмжлэг үзүүлэх, хамтын бүтээлийг дэмжих зэрэг ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 

Мөн киноны уран бүтээлчид, тэр дундаа найруулагч, продюсер, зураглаач, эвлүүлэгч, кино зохиолч, дууны найруулагч, өнгө тавигч мэргэжлээр мэргэшүүлэх, Монголын кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг дэмжих хэрэгцээ шаардлагатай байна.

 

Иймд “Киноны нүүдэл” төслийн багийн зүгээс өнөөгийн Монголын кино урлагийн салбарын хэрэгцээ шаардлагыг үндэслэн анхны кино үйлдвэрлэлийн олон улсын сургалтын хөтөлбөрийг санаачлан 2023 онд хэрэгжүүлсэн. 

Киноны нүүдэл хөтөлбөрт 3 сарын турш 100 уран бүтээлч хамрагдаж, нийт 51 кино төсөл ирүүлснээс Кино зохиол бичих, төсөл боловсруулах танхимын сургалтын эцсийн санал, олон улсын багш, зөвлөх, продюсер нарын гаргасан шалгуурын дагуу нийт 10 төслийг эцсийн шатанд шалгаруулсан.
Олон улсын багш, зөвлөх болон кино танилцуулгад оролцсон олон улсын продюсер, сангийн төлөөллийн саналаар 2023 оны шилдэг гурван төслөөр Д. Удвалын “Тахал” уран сайхны кино төсөл, ” Н. Анхбаяр “Жагаа, жолооч хоёр”, Ш. Ихбаярын “Аяга Арц” уран сайхны кино төсөл шалгарсан. 
Мөн Кино урлагийн зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлаж шалгарсан таван төсөл нь гурав нь Киноны нүүдэл хөтөлбөрөөс шалгарч Каннын олон улсын кино наадамд оролцож, олон улсын хамтарсан кино төсөл бүтээх боломж бий болгох зорилгоор зохион байгуулсан “Mongolian Pitch Session in Cannes” арга хэмжээнд оролцсон. 

 

2024 онд Киноны нүүдэл хөтөлбөр Монголд анх удаа Америкийн Сандэнс кино наадмын Коллаб сургалтын хөтөлбөртэй албан ёсоор хамтран кино уран бүтээлчдэд сургалтын хөтөлбөрийг эхлүүлэх болоод байна.