хөтөлбөрийн тухай

Монголын кино урлагийг шинэ шатанд гаргахад кино зохиолыг хөгжүүлэх, зураг авалт, кино үйлдвэрлэл, постпродакшн, түгээлт зэрэг кино үйлдвэрлэлийн үе шат бүрд дэмжлэг үзүүлэх, кино үйлдвэрлэлтэй холбоотой сургалтын хөтөлбөрийг бий болгох, дотоодын кино уран бүтээлчдийг олон улсын кино наадамд оролцоход бэлтгэх, дэмжлэг үзүүлэх, хамтын бүтээлийг дэмжих зэрэг ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэх шаардлагатай байна.

 

Мөн киноны уран бүтээлчид, тэр дундаа найруулагч, продюсер, зураглаач, эвлүүлэгч, кино зохиолч, дууны найруулагч, өнгө тавигч мэргэжлээр мэргэшүүлэх, Монголын кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг дэмжих хэрэгцээ шаардлагатай байна.

 

Иймд “Киноны нүүдэл” төслийн багийн зүгээс өнөөгийн Монголын кино урлагийн салбарын хэрэгцээ шаардлагыг үндэслэн анхны кино үйлдвэрлэлийн олон улсын сургалтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх гэж байна.

 

Энэхүү төслийн зорилго нь Монгол уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, нэн шаардлагатай байгаа мэргэжлийн сургалтыг олон улсын түвшинд зохион байгуулах замаар Монгол кино үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулах явдал юм.

 

“Кино Нүүдэл” олон улсын сургалтын хөтөлбөрийг Соёлын Яам, Монголын Кино Урлагийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.